Маргаашийг ӨНӨӨДӨР болгож чаддаг хүн л амжилтанд хүрнэ!

28 March, 2011

Эдийн засгийн байдлыг тодорхойлоход ДНБ, нийт гарц болон бусад Үндэсний орлогын статистикийг ашиглах нь

Марк Скаузен

Сэтгүүлчид эдийн засгийн мэдээг мэдээлэхдээ олонтаа тулгардаг гол асуулт бол эдийн засгийн байдлын цаад хөтлөгч хүч юу вэ, хэрэглээний зарцуулалт уу эсвэл хуримтлал,
хөрөнгө оруулалт уу гэсэн асуулт байдаг.



Дэлхий нийтийн эдийн засгийн ухралтын ихэнх үед дийлэнх сэтгүүлчид хэрэглээний зарцуулалтад голлон анхаарч байжээ. 2001 онд Францын Засгийн газар иргэдээ хангалттай худалдан авалт хийхгүй байгаад айсандаа Засгийн газрын зардлыг зургаан хувиар нэмэгдүүлсэн байна. Европт жижиглэн худалдааны хэмжээ уурсан нь “баярыг баллана” гэж The Economist сэтгүүл анхааруулжээ. Японд хэрэглэгчид хэт их хуримтлал хийж байсан бөгөөд Азийн энэ хүчирхэг эдийн засагт үсрэлт гаргах цорын ганц арга нь Японы хэрэглэгчдийн хуримтлал хийхийг нь зогсоож, мөнгөө зарцуулж эхлүүлэх явдал байсан гэж эдийн засгийн шинжээчид маргаж байв.

“Эдийн засгийн тоймд анхаарах ёстой нэгдүгээр зэргийн асуудал бол хэрэглэгчдийн хийж байгаа зүйл” гэж Голдмэн Заксийн ахлах эдийн засагч Эдвард МакКелви хэлсэн байдаг. АНУ-д CNN, CNBC-н их мэдэгч нар “Хэрвээ Бушийн Засгийн газрын үзүүлсэн татварын хөнгөлөлтийг зарцуулах биш, хуримтлуулж хадгалах юм бол эдийн засгийн сэргэлтэд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж байнга анхааруулдаг.

Гэвч эдийн засагчид хуримтлал, хөрөнгө оруулалт хоёр бол урт хугацааны хөгжлийн гол түлхүүр хэмээн ёс төдий тунхаглахын зэрэгцээ олон оронд хуримтлалын хувь хэтэрхий доогуур байна гэж байн байн анхааруулдаг. Харвардын эдийн засагч Грегори Мэнкию өөрийн алдарт “Макро эдийн засаг” хэмээх сурах бичигтээ “хуримтлалын хувь бол капиталын хуримтлалыг тогтвортой байлгах гол тодорхойлогч мөн. Хэрвээ хуримтлалын хувь өндөр байвал эдийн засагт их хэмжээний капиталын хуримтлал бий болж үйлдвэрлэлийн түвшин өндөр байна. Хэрэв хуримтлалын хувь доогуур байвал эдийн засагт капиталын хуримтлал бага болж, үйлдвэрлэлийн түвшин доогуур байна” гэжээ.



Энэхүү хуримтлуулах зуршлын илэрхий логик зөрчлийг сэтгүүлчид хэрхэн шийдэж чадах вэ? Үүний хариултыг эдийн засгийн тэргүүлэх үзүүлэлт болох ДНБ, мөн саяхан АНУ-ын Эдийн засгийн Шинжилгээний Товчооноос гаргасан үндэсний орлогын шинэ үзүүлэлт болох “Нийт гарц”-ын тухай зөв ойлгосны үндсэн дээр олж болно.

Хэрэглээний Зарцуулалт ба Дотоодын Нийт Гарц

Хэрэглээний зарцуулалт бол эдийн засгийн хамгийн том салбар мөн, тиймээс эдийн засгийн хөгжлийн цаад хөтлөгч хүчин болдог гэсэн санаа нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий статистикаас үүдэлтэй. Аж үйлдвэржсэн орнуудад тооцдог ДНБ нь аливаа орны тухайн жилд үйлдвэрлэсэн бүх эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнг илэрхийлдэг. Математикийн хувьд ДНБ-ийг дараахь байдлаар илэрхийлдэг:

ДНБ = C + I + G + (X - M), энд

C = Хувийн хэрэглээний зардлууд
I = Нийт дотоодын хувийн хөрөнгө оруулалт
G = Засгийн газрын хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт
X = Экспорт
M = Импорт.

Улс үндэстэн бүрд хувийн хэрэглээний зардлууд нь ДНБ-нд хамгийн их хувийг эзэлдэг. Жишээ нь, АНУ-ын 2003 оны ДНБ-ийг дараахь байдлаар хуваагджээ:

Хувийн хэрэглээний зардлууд (C ) = 7,760.9 тэрбум $
Нийт хувийн хөрөнгө оруулалт (I) = 1,665.8 тэрбум
Засгийн газрын зардлууд (G) = 2,075.5 тэрбум
Экспортоос (X) хасах нь Импорт (M) = -498.1 тэрбум =

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН (GDP) = 11,004 тэрбум $

Хэрэглээ АНУ-д ДНБ-ний 70%, Их Британид 65%, Германд 58%, Японд 57%-ийг эзэлдэг байна. Энэ байдлыг мэдээд сэтгүүлчид АНУ-д “хэрэглээний зардал эдийн засгийн гуравны хоёрыг эзэлдэг” хэмээн онцлон тэмдэглэж, жижиглэн худалдааны хэв шинжийг ирээдүйн эдийн засгийн төлөв байдал, үнэт цаасны зах зээлийн байдлын гол тодорхойлогч болгон авч үзэх нь олонтаа байдаг.

Нийт Гарц: Нийт эдийн засгийн үйл ажиллагааны шинэ хэмжүүр

Гэвч ДНБ бол тухайн эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа буюу зарцуулалтыг бүрэн хэмждэг хэмжүүр гэсэн үг биш болохыг сэтгүүлчид анхаарах нь зүйтэй. ДНБ бол бүтээгдэхүүн, үйлчилгээний зөвхөн ЭЦСИЙН үр дүнг хэмждэг. Үүнд бүх завсрын үйлдвэрлэл буюу бэлэн бус бүтээгдэхүүнүүд, өөрөөр хэлбэл машины үйлдвэрлэлд хэрэглэх ган гэх мэт үйлдвэрлэлийн эхний шатандаа яваа бүтээгдэхүүнүүдийн бүхий л борлуулалтыг зориуд орхигдуулдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, ДНБ бол зөвхөн өрх гэр, бизнес, Засгийн газарт хэрэглэж болох эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэмждэг гэсэн үг. Үйлдвэрлэлийн үе шат бүрт гарч буй зарцуулалтыг тооцох юм бол тооцоо хоёр, гурав дахин давхардчих гээд байдаг аж. Жишээ нь, талхны үйлдвэрлэлд гэхэд буудай, гурил хоёрыг хоёуланг нь талхны үнэд оруулж тооцох болох нь. Харин ДНБ зөвхөн эцсийн хэрэглэж болох бүтээгдэхүүн буюу хүмүүсийн гэртээ хэрэглэж байгаа талхыг л сонирхдог.

Эдийн засагчид завсрын үйлдвэрлэлийн процесс буюу эцсийн бүтээгдэхүүнд хүргэж байгаа үйлдвэрлэлийн шат дамжлагуудыг мөн сонирхдог. Энэ үйл явц нь анхан шатны түүхий эд материалын үйлдвэрлэлт, мөн судалгаа шинжилгээ, хөгжил гэх мэт нөөцийг бий болгох эхний шатнаас эхлээд, хагас боловсруулалт, үйлдвэрлэлтийн шат, мөн бөөний худалдаа ба түгээлтийн сувгууд, эцэст нь жижиглэн худалдаалах түвшний эцсийн борлуулалт хүртэлх бүх шатыг хамардаг. Эдийн засаг дахь бүх ажил үйлчилгээг хэмжихийн тулд бид зөвхөн эцсийн шат бус, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн шат бүр дэх бүх борлуулалтыг нэмж тооцох ёстой.

Саяхан хүртэл, эдийн засагчид тооллогын болон IRS-н мэдээллийн сангаас таван жил тутмын орц-гарцын статистик тоо баримт цуглуулах замаар завсрын үйлдвэрлэлийн үнийн дүнг тодорхойлдог байв. Харин сүүлийн жилүүдэд АНУ-ын Худалдааны Департментын Эдийн Засгийн Шинжилгээний Товчооноос (BEA) эдийн засаг дахь нийт зарцуулалтыг жил бүр хэмжих шаардлагыг хүлээн зөвшөөрч, Нийт Гарц (НГ) гэсэн үндэсний орлогын шинэ статистик үзүүлэлт гаргасан байна. (Skousen 1990-г үз) Энд үйлдвэрлэл, түүний дотор үйлчилгээний бүх үе шатны гарцын үнийн дүнг тодорхойлохыг эрмэлзэж байна. Энэ нь ДНБ-ээс бараг хоёр дахин их хэмжээтэй гарч байна. Жишээ нь, 2002 онд (хамгийн сүүлийн тоо баримт) Нийт гарцын хэмжээ 18.7 триллион ам.доллар гарсан бол, тэр үед ДНБ 10.6 триллион ам. доллар байсан байна. (НГ-ын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bea.gov хаягаар орж, “ДНБ, салбараар” гэснийг олоод “интерактив хүснэгтүүд”-г үзнэ үү).

Шинэ НГ-ын үзүүлэлтийг ашигласнаар Америкийн эдийн засгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн бас нэг дүр зургийг харж болно. НГ-д тулгуурлан тооцвол АНУ-ын эдийн засаг дахь нийт зарцуулалтын 40%-г хэрэглээ эзэлж, бизнесийн хөрөнгө оруулалт (нийт үндсэн хөрөнгө оруулалт дээр завсрын бүтээгдэхүүнүүдийг нэмээд) 52%-ийг эзэлж байна. Хэдийгээр НГ-ын статистик үзүүлэлтийг Европ, Ази, Латин Америкт хараахан нэгтгэж гаргаагүй байгаа боловч бүх голлох аж үйлдвэржсэн орнуудад үүнтэй маш төстэй үр дүн гарах буюу бизнесийн хөрөнгө оруулалт нь хэрэглээний зарцуулалтаасаа хамаагүй илүү байх болно гэж би таамаглаж байна. Олон орон Нийт гарцын тооцоог Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨТ) тооцох үедээ хийдэг учраас бусад орны хувьд энэ тооцоог хийхэд хэцүү байх ёсгүй.

Тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлтүүд бидэнд юуг хэлээд байна вэ

Хэрэглээний зарцуулалт, хөрөнгө оруулалтын салбар хоёр эдийн засгийн тэргүүлэх үзүүлэлт болох нь ямар чухал ач холбогдолтой болохыг одоо шалгаад үзье. Энд аль аль салбар нь эдийн засгийн байдалд нөлөөлдгийг бид харж байгаа боловч бизнесийн салбар илүү хүчтэй үүрэг гүйцэтгэдэг мэт харагдана.

Гол гол орны тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлтүүдийн индексийг харъя. Бага хурлын удирдах зөвлөл 9 орны ийм индексийг хэвлэжээ. Үр дүн нь гэвэл:

–Бага хурлын удирдах зөвлөлөөс нэгтгэсэн Германы есөн тэргүүлэх үзүүлэлтээс харахад, хоёр нь буюу хэрэглээний итгэлтэй байдлын индекс, үйлчилгээний хэрэглээний үнийн индекс хоёр нь хэрэглээний зарцуулалттай холбоотой байна. Бусад нь бараа материалын өөрчлөлт, үндсэн хөрөнгө шинээр худалдан авалт, шинэ барилгын захиалга гэх мэт үйлдвэрлэлийн эхний шатуудтай холбоотой үзүүлэлт байна.
–Их Британийн тэргүүлэх үзүүлэлтүүд нь экспортын хэмжээ, инженерчлэлийн салбар дахь шинэ захиалгууд, бараа материал, орон сууцны эхэлсэн барилга, мөнгөний нийлүүлэлт зэрэгтэй холбоотой байна. Хэрэглээний итгэлтэй байдлын индекс нь цорын ганц хэрэглээний үзүүлэлт байна.

–Японы тэргүүлэх үзүүлэлтүүдийн нэг нь ч хэрэглээтэй холбоогүй: үйлдвэрлэл дэх илүү цаг ажилласан байдал, бизнесийн нөхцөлийн судалгаа, хөдөлмөрийн бүтээмж, бодит үйл ажиллагааны ашиг, машин техник болон барилгын шинэ захиалгууд зэрэг үзүүлэлт байна.

–Мексикийн зургаан үзүүлэлтэд бараа материалын сар тутмын судалгаа, аж үйлдвэрийн барилга, хувьцааны үнэ, хүүгийн хувь, түүхий нефтийн зардал орж байна. Мексикт мөн жижиглэн худалдааны индекс давхацсан байна.

–АНУ-д Бага хурлын зөвлөлөөс хэрэглээний итгэлтэй байдлын индексийг онцлон тэмдэглэсэн байна, харин үйлдвэрлэгчдийн хэрэглээний бараа, материал авах шинэ захиалга, барилгын зөвшөөрөл, долоо хоногийн дундаж үйлдвэрлэлтийн цаг, хувьцааны үнэ, батлан хамгаалалтын бус капиталын бүтээгдэхүүний шинэ захиалга зэрэг бусад 9 үзүүлэлт нь эцсийн хэрэглээтэй зөвхөн маш холуур холбогдож байна.

Кейнсийн хууль ба эрэлтэд тулгуурласан эдийн засаг

Одоо анх тавьсан асуулт руугаа эргэж хандая. Эдийн засгийн байдал ба өсөлтийн хөдөлгөгч хүч юу вэ?

Бид эдийн засгийн эрэлтийн тал (хэрэглээ), нийлүүлэлтийн тал (хөрөнгө оруулалт) гэсэн хоёр хүчин зүйл үйлчилж байдгийг харж байна. Богино хугацаанд, ялангуяа ухралтын байдлын үед, ихэнх эдийн засагчид эрэлтийн талын ач холбогдолыг онцлон авч үзэж, эдийн засгийг уналтын үед ч ажиллагаатай байлгахад хэрэглэгчид гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь Кейнсийн хууль буюу “эрэлт өөрийн нийлүүлэлтийг бий болгодог” гэдгээрээ алдартай бөгөөд Британийн аугаа эдийн засагч Жон Мэйнард Кейнсийн (1883-1946) нэрээр нэрлэжээ.

Сэйгийн хууль ба Нийлүүлэлтийн талын эдийн засаг

Эдийн засгийн нийлүүлэлтийн тал бол эдийн засаг бараг бүрэн ажил эрхлэлттэй байх үеийн урт хугацааны эдийн засгийн өсөлтийн гол тодорхойлогч хүчин зүйл байдаг. НГ-ын задаргаа, тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлтүүд ч энэ баталгааг дэмждэг.

Үүнийг тайлбарлахад нэг түүхэн жишээ тусалж болох юм. Яагаад 1990-өөд оны үед АНУ-ын баруун эргийнхэний (Сан Франциско, Портлэнд, Сийэтл гэх мэт) эдийн засагт их өсөлт гарсан бэ? Тус бүс нутагт харилцаа холбоо, интернэтийн шинэ технологи, эд баялаг, хөгжил цэцэглэлтийн бүхэл бүтэн цоо шинэ түвшинг бий болгосон байна. Intel, Cisco Systems, Microsoft зэрэг нь айл өрхийн нэрс болжээ. Технологийн их өсөлт дөнгөж эхэлмэгц хэрэглэгчдийн автомашин, орон сууц, аялал жуулчлал, үнэт эдлэл, зугаа цэнгэлд зарцуулах зардал огцом өндөр түвшинд хүрснийг анзаараарай. Иймээс, хэрэглээ бол урт хугацаанд хөгжил цэцэглэлтийн үр дагавар болохоос шалтгаан биш байдгийг бид мэдэж авлаа. Энэ үзэгдэл нь Сэйгийн хууль буюу “нийлүүлэлт өөрийн эрэлтийг бий болгодог” гэдгээрээ алдартай бөгөөд Францын эдийн засагч Жан-Батист Сэйгийн (1767-1832), нэрээр нэрлэжээ. Сэйгийн хууль өнөөгийн эдийн засагт эргэлт болж байна(Kates 2003).

1990-өөд оны эдийн засгийн их өсөлтийн гол түлхүүр нь технологи, бүтээмж, бизнесийн эхлэл санаачилга байсан бөгөөд эдийн засагчдийн хэллэгээр эдийн засгийн “нийлүүлэлтийн тал” байв. Технологийн, бүтээмжийн, бизнесийн эхлэл санаачлагын дэвшлүүд нь хэрэглэгчдэд зориулсан шинэ, илүү сайн бүтээгдэхүүнийг бага зардлаар бий болгож, эргээд хариуд нь шинэ зах зээл нээж, орлогыг нэмэгдүүлэн, хэрэглээнд ашиг тусаа өгч байна. Гэвч технологийн их өсөлт 2000 онд дуусах үед бизнесийн хөрөнгө оруулалт буурч, ажилгүйдэл өсөн, хэрэглээний зарцуулалт удааширсан байна. 2000-2003 оны ухралтын үед эдийн засгийг улам уналтад оруулалгүй барьж байсан зүйл бол хэрэглээний зарцуулалт байв (Кейнсийн хууль).

Бизнесийн мөчлөгийн туршид хөрөнгө оруулалтын зарцуулалт хэрэглээний зарцуулалтаас илүү их хувьсамтгай байх хандлагатай байна. Харин хэрэглэгчдийн жижиглэн худалдааны зарцуулалт эдийн засгийн өсөлт, бууралтын туршид харьцангүй тогтвортой байх хандлагатай байдаг. Иймээс, 2000-2003 оны дэлхий нийтийн эдийн засгийн ухралтын үед хэрэглээний зарцуулалт тогтвортой өсөлттэй байсанд гайхах зүйлгүй. Уг ухралт үндсэндээ бизнесийн ухралт байв. Ингээд 2003 онд эдийн засаг дахин сэргэхэд хүргэсэн зүйл бол эцсийн эцэст бизнесийн зарцуулалт байлаа.
Бизнесийн мөчлөгүүд, маркетингийн судалгаанаас үзэхэд үндсэндээ гүйцэтгэх захирлууд, бизнес анхлан эрхлэгчид, капиталистууд, бусад бизнесийн шийдвэр гаргагч нар нь эдийн засгийн гол идэвхжүүлэгчид байдгийг дахин дахин нотлон харуулдаг бөгөөд хэзээ капиталын хөрөнгө оруулалт хийж, эдийн засагт эргэлт гаргахыг тогтоож өгдөг. Засгийн газрын тэргүүнүүд эдийн засгийг сэргээхийн тулд хэрэглэгчдэд найдаж болохгүй. Тэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохоосоо илүү тэдгээрт хариу үйлдэл үзүүлэх байдлаар идэвхгүй хандах хандлагатай байдаг.

Энгийн цагт, хуримтлал нэмэгдснээр капиталын хөрөнгө оруулалтын санг өргөтгөж, хүүгийн хувийг бууруулан, пүүс компаниуд шинэ үйлдвэрлэлийн процесс, шинэ технологи хэрэглэж, шинэ ажлын байр бий болгох боломж олгодог. Иймээс хуримтлал бол өөр хэлбэрт л байгаагаас биш, зүгээр л хэрэглээтэй нэг адил зарцуулалтын хэлбэр бөгөөд зарим тохиолдолд илүү их капитал, хөрөнгө оруулалттай байх хэрэгцээг хангадаг утгаараа зарцуулалтын арай дээр хэлбэр юм.

Сэтгүүлчдэд өгөх зөвлөгөө

Эдийн засагт хэрэглээ ба хуримтлал, хөрөнгө оруулалтын хооронд зохих тэнцвэр барих нь маш чухал. Энэ хоёр хоёулаа баялаг, хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг тавихад зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хэрэглээний зарцуулалтыг хуримтлал ба хөрөнгө оруулалтын үнэ өртгөөр дэмжих ёсгүй.

Дараахь мэдэгдлүүдэд хянуур хандаарай:

–”Хэрэглээний зарцуулалт эдийн засгийг хөтөлдөг.”
–”Хэрэглээний зарцуулалт эдийн засгийн гуравны хоёрыг төлөөлдөг.”
–”Хуримтлалыг нэмэгдүүлэх нь эдийн засагт тус нэмэр болохгүй.”

Урт хугацаанд эдийн засгийн байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол хуримтлал гэдгийг санагтун. Хэрэглээнээс илүү хуримтлал, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлэх нь заавал муу байх албагүй. Дараахь мэдэгдлүүдээс зайлсхий:

– “Татварын хөнгөлөлтийг хуримтлуулах юм бол эдийн засгийг урамшуулахгүй. ” эсвэл
–”Хөрөнгөтэй баян хүмүүс дундаж ангийнхнаас бага зарцуулдаг учраас тэдэнд зориулж татварын хөнгөлөлт үзүүлэх нь үр нөлөөгүй.”

Хямралт эдийн засгийг сэргээхэд бизнесийн болон капиталын зарцуулалт амин чухал үүрэгтэй гэдгийг санагтун. Ихэвчлэн аж үйлдвэрийн үйлдвэрлэл, капитал бүрдүүлэлт, арилжааны болон орон сууцны зориулалттай барилга зэрэг хэлбэрээр сэргэлтийн анхны шинж тэмдэг хэрэглэгчдээс бус, бизнесээс төрдөг.

Уналтын үед хэрэглээний төлбөрөө багасгалаа гэж хэрэглэгчдийг бүү шүүмжил. Энэ бол тэдний ажил эрхлэлтэд болон эдийн засгийн байдалд үүссэн тодорхойгүй байдалд өгдөг төрөлхийн хариу үйлдэл юм.

Улсынхаа үндэсний орлогын статистик тоо баримтыг, түүний дотор Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг (ДНБ), шинээр гарсан Нийт Гарц (НГ)-ын үзүүлэлтийг, мөн тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайн ойлгож, зүй зохистой ашиглаж буй эсэхээ шалгаарай. Ихэнх тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлтүүд хэрэглэгчидтэй биш, бизнес, хөрөнгө оруулалт хоёртой холбоотой байдгийг санаж яваарай.